ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2018 оны 7 сарын НӨАТ-ын тайланг  8 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. тайлангаа хуулийн хугацаанд нь тушаана уу./хуулийн хугацаа хоцроовол зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. 1 нэгж=1000 төгрөг/

Татвар төлөгч дараахь эрх эдэлнэ:

1.Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, татвар төлөгчийн эрхээ эдэлж, үүргээ биелүүлэхтэй холбогдсон мэдээлэл, зөвлөлгөө, татвар ногдуулах, төлөх, тайлагнах журам, аргачлал, маягтыг татварын алба, татварын улсын байцаагчаас авах;

2. Татварын хууль тогтоомжид заасан хөнгөлөлт эдлэх, татвараас чөлөөлөгдөх;

3. Хууль тогтоомжийн дагуу татвар төлөх хугацааг сунгуулах;

4. Илүү төлсөн татварыг буцаан авах буюу суутган тооцуулах, алданги тооцон нэхэмжлэн авах;

5. Эрх, хууль ёсны ашиг сонирхлоо биечлэн болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэргэшсэн зөвлөхөөрөө дамжуулан хамгаалах, татварын хяналт шалгалтад биечлэн байлцах;

6. Татварын албанаас гаргасан акт, дүгнэлт, бусад баримт бичигтэй танилцах, үндэслэлгүй буюу хуульд нийцээгүй гэж үзвэл танилцсанаас хойш 30 хоногийн дотор гомдлоо захиргааны болон шүүхийн журмаар гаргах;

7. Татвар ногдуулалт, төлөлт, хяналт шалгалтын дүнгийн талаар тайлбар авах буюу өгөх;

8. Татварын хууль тогтоомжийг дагаж мөрдөхийг татварын алба, татварын улсын байцаагчаас шаардах, татварын албаны хууль бус шийдвэр, үйлдлийн улмаас учирсан хохирлыг хуульд заасан журмын дагуу нөхөн төлүүлэх;

9. Татварын алба, татварын улсын байцаагчийн хууль бус ажиллагаа, шийдвэрийн талаар гомдлоо түүнийг шууд захирдаг болон дээд шатны албан тушаалтанд, түүнчлэн шүүхэд гаргах. Ийнхүү гомдол гаргасан нь ногдуулсан татвар, торгууль, алдангийг төлөхийг зогсоох үндэслэл болохгүй;

10.Татварын хууль тогтоомжоор ногдсон үүргээ биелүүлэх, эрхээ эдлэх талаар хуулиар зөвшөөрөгдсөн татварын зөвлөхийн туслалцаа, зөвлөлгөө авах;

11. Хууль тогтоомжид заасан бусад эрх.

Татвар төлөгч дараахь үүрэг хүлээнэ: 

1. Татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд  төлөх;

2. Татвар ногдуулах, төлөхтэй холбогдсон тооцоо, мэдээ, тайланг гаргаж тогтоосон хугацаанд татварын албанд ирүүлэх;

3. Анхан шатны болон нягтлан бодох бүртгэлийг тогтоосон журам болон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хөтөлж, санхүү,аж ахуйн үйл ажиллагааны тайлан тэнцэл гаргах;

4. Татварын хууль тогтоомж зөрчсөн бол уг зөрчлийг арилгах талаар татварын албанаас тавьсан шаардлагыг биелүүлэх;

5.Татварын албаны шалгалтын акт, дүгнэлтийг зөвшөөрч байгаа бол гарын үсэг зурах, зөвшөөрөхгүй бол  тайлбараа хяналт шалгалт хийсэн татварын албанд ажлын 10 өдөрт багтаан бичгээр гаргаж өгөх;

6. Бусдад олгох хөдөлмөрийн хөлс, шилжүүлсэн орлогод ногдох татварыг үнэн зөв суутган тооцож, тогтоосон хугацаанд төсөвт төлөх;

7. Хуулиар хориглоогүй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг  төрийн захиргааны холбогдох байгууллагаас авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ тухай татварын албанд мэдэгдэж, татвар төлөгчийн гэрчилгээнд тэмдэглүүлэх;

8. Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэрэглэх;

9. Татвар ногдох эд хөрөнгө, эрхээ бусдын өмчлөлд шилжүүлсэн тухай баримтыг татварын албанд гаргаж өгөх;

10. Нэр, хаяг, тамга, тэмдэг, улсын бүртгэлийн гэрчилгээ, харилцах болон хувийн данс, гарын үсгийг бусдад ашиглуулан татвараас зайлсхийх боломж олгохгүй байх;

11. Эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг хувь хүн, хуулийн этгээдэд түрээсэлсэн, худалдсан тухайгаа харьяалагдах татварын албанд тухай бүр мэдэгдэх;

12. Банкинд данс нээсэн  болон хаасан тухай татварын албанд тухай бүр мэдэгдэх;

13. Татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах;

14. Хууль тогтоомжид заасан бусад  үүрэг.

 

 

БУЛГАН АЙМГИЙН ТАТВАРЫН ХЭЛТЭС