ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН АНХААРАЛД: 2018 оны 11 сарын НӨАТ-ын тайланг  12 сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авна. тайлангаа хуулийн хугацаанд нь тушаана уу./хуулийн хугацаа хоцроовол зөрчлийн тухай хуулийн дагуу хуулийн этгээдийг 1500 нэгжтэй тэнцэх хэмжээний мөнгөн торгууль оногдуулна. /1 нэгж=1000 төгрөг/

Хуулийн хэрэгжилтийн талаар Сангийн Яамны ахлах мэргэжилтэн Б.Болормаатай ярилцлаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд Сангийн Яам ямар үйл ажиллагаа явуулж байгаагаас яриагаа эхлэх үү?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль 2015 оны наймдугаар сарын 7-ны өдөр батлагдаж, хуулийг хэрэгжүүлэх журмыг Засгийн газрын 348 дугаар тогтоолоор наймдугаар сарын 31-нд батласан.

Энэ журмын дагуу хуулийг хэрэгжүүлэх ажилд таван байгууллага оролцож байгаа. Түүний нэг оролцогч нь Сангийн Яам. Санхүүгийн тайлан гаргадаг бүх байгууллага, ААН-үүд тайлангаа шинэчилсэн маягтаар гаргаж өгөх ажил манай яаманд хамаарагдаж байгаа.  Яг энэ хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө санаатай, санамсаргүй аливаа нэг байдлаар нуун дарагдуулсан хөрөнгө, орлого, үйл ажиллагаагаа ил тод болгоод Эдийн засгийн ил тод байдлын шинэчилсэн тайланг гаргуулж авах ажил ид үргэлжилж байна.

-Шинэчилсэн тайланг цахим хэлбэрээр өгч байгаа гэсэн үү?

-Сангийн сайдын тушаалаар шинэчилсэн санхүүгийн тайлангийн маягтыг баталсан. Энэ маягт нь ил тод байдал гэсэн тэмдэглэгээтэй, тусгайлсан гаргасан маягт байгаа.

ААН, байгууллагууд хэрвээ энэ хуулийн хүрээнд сайн дураараа 2015 оны дөрөвдүгээр сарын 1-ээс өмнө санаатай, санамсаргүй аливаа нэг байдлаар нуун дарагдуулсан хөрөнгө, орлогоо ил болгож байгаа тохиолдолд  2014 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаарх санхүүгийн тайланг шинэчилж гаргана. Мөн 2015 оны нэг, хоёр, гуравдугаар улирлын тайланг шинэчлэн гаргаад манай iltod.e-balance.mof.gov.mn гэсэн вэб сайтад шивэх ёстой.

Бүртгэлийн  мэргэжилтнүүд цахим хэлбэрээр гаргасан тайланг давхар цаасан хэлбэрээр авна.

 

Сангийн Яамны харьяа аймаг нийслэл дүүрэгт ажиллаж байгаа бүртгэлийн  мэргэжилтнүүд цахим хэлбэрээр гаргасан тайланг давхар цаасан хэлбэрээр авна.  Хэрвээ шинэчилсэн тайлан гаргаж байгаа хуулийн этгээдүүд нь харьяалах төрийн сангийнхаа бүртгэлийн мэргэжилтэнд албан тоотын(эх хувиар) хамт 2014 оны арванхоёрдугаар сарын  31-ээр  ил тод болгож байгаа санхүүгийн тайлангаа, мөн 2015 оны нэгдүгээр улирлын тайлангаа давхар цаасаар аваачиж өгөх ёстой.

iltod.e-balance.mof.gov.mn вэб сайтад  2014 оны санхүүгийн тайланг шинэчилж гаргахаас гадна  2015 оны нэг хоёр гуравдугаар улирлын тайланг нийт дээ дөрвөн тайланг шивж илгээнэ. Бүртгэлийн мэргэжилтнүүд тайланг нь хуулийн дагуу, бүрэн байгаа эсэхийг тулгаж, шалгаж үзээд татварын авлага өглөгийн дүн дээр тулгалт хийнэ.

Журмаартатварын авлага өглөгийн дүнг өөрчлөхгүй байх,  төсвөөс ямар нэгэн хэмжээний авлага үүсгэхийг хориглосон. Энэ хориглосон зүйлүүд хангагдаж байгаа эсэхийг бүртгэлийн мэргэжилтнүүд шалгаад  цахимаар илгээсэн тайланг баталгаажуулна.

-Нууцлал хэр баталгаатай вэ, шинэчилсэн тайлан нь эргээд хуулийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болох вий гэсэн болгоомжлол иргэдэд байгаа байх?

-Тайланг хүлээж авах ажил нууцын зэрэглэлтэй бөгөөд  нууцын гэрээ байгуулсан, холбогдох сургалтад хамрагдсан  мэргэжилтнүүд бүртгэлийн ажлыг хийж байгаа учраас нууцлалын тал дээр санаа зоволтгүй.

-Хуулийн хүрээнд ААН, байгууллагууд ямар хариуцлагаас чөлөөлөгдөж байгаа вэ?

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд 2015 оны дөрөвдүгээр сарын 1-нээс өмнөх хугацааг  хязгааргүй заасан байгаа. Энэ хугацаанд аливаа нуун дарагдуулсан орлого, хөрөнгө, үйл ажиллагаагаа ил болгох юм бол холбогдох  таван төрлийн татвар болон аливаа нөхөн төлбөр, алданги тооцохгүйгээр чөлөөлж байгаа. Тайланг хүлээж авах ажил нууцын зэрэглэлтэй

Харин нийгмийн даатгал дээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлнө. Шимтгэлийг төлөөгүйтэй холбогдох хүү торгууль нөхөн төлбөрөөс чөлөөлж байгаа.

Энэ үйл ажиллагаа сайн дурын үндсэн дээр хийгдэх ёстой. Ямар нэгэн байдлаар санаатай, санамсаргүй алдаа гаргасан ААН, байгууллагууд энэ хуулийн хүрээнд татварын өглөг, өр үүсгэхгүйгээр, хүү алданги тооцуулахгүйгээр хөрөнгө, орлогоо ил болгох боломжтой. Нэгэнт хууль өөрөө сайн дурын үндсэн дээр хэрэгжих болохоор бүх байгууллагыг заавал ил тодын тайлан гарга  гэж шаардах эрх байхгүй. Хүссэн этгээд хөрөнгө, орлогоо ил болгож болно.

Хуулийн хүрээнд 2015 оны арванхоёрдугаар 31-ний өдрийн 24:00 цаг хүртэл манай ажилтнууд тайлан хүлээж авна. Хуулийн хугацаанд ил тодын тайлангаа гаргаж амжаагүй хүмүүс дараа нь ямар нэгэн байдлаар нуусан дарагдуулсан зүйл нь ил болох юм бол мэдээж хэрэг хуулийн дагуу  бүх татвар, хүү, торгууль, алданги нь тооцогдож явна. Тиймээс боломжийг ашиглаарай гэж хэлмээр байна.

-Тайлангаа цахимаар шивж, цаасан байдлаар бүртгэлийн ажилтанд аваачиж шалгуулан баталгаажуулахад ямар хугацаа шаардагдаж байгаа вэ?

-Монголчуудын нэг зан байдаг. Аливаа зүйлд цагийг нь тулгаж байгаад гэнэт оволздог. Тиймээс хамгийн сүүлийн өдөр цахим хуудсанд тайлангаа шивэхэд олон зэрэг хандалтаас үүдээд систем гацах магадлал байж болох учраас энэ эрсдэлээ тооцож үзээд хуулийн хугацаанд амжихын тулд аль болох эрт хандаарай.

Санхүүгийн тайланг заавал биеэр аваачиж өгч, бүртгэлийн ажилтан үзэж баталгаажуулж байгаа.Үүнд тодорхой хэмжээний хугацаа шаардана. Хэдий хэмжээний хугацаа шаардах нь тухайн байгууллагын тайлан материалаас хамаарна. Аймаг нийслэл дүүрэг дээр нэг нэг хүн л санхүүгийн тайланг хүлээж авч байгаа болохоор ачааллыг тооцож үзээрэй гэж хэлмээр байна. Бидний зүгээс бол арванхоёрдугаар сар гармагц хандалт улам нэмэгдэх байх гэж таамаглаж байгаа. Цахимаар шинэчилсэн тайлангаа шивэхэд бол цаг хамаарахгүй.

-Хандалт хэр байгаа вэ, одоогийн байдлаар хэчнээн байгууллага хандсан бэ?

-Сүүлийн үед хандалт эрс нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар цахимаар 300 гаруй ААН, байгууллага хандаж, 100 гаруй нь цаасан хэлбэрээр бүртгэлийн ажилтанд авчирч өгөөд баталгаажуулсан байна.

Байгууллагууд төрлөөсөө хамаараад өөрсдийн онцлогтой тайлангийн маягтыг нөхөж байгаа.Нягтлангуудын хувьд тайлангаа шивээд хэдийн хэвшчихсэн учраас төдийлөн бэрхшээл үүсэхгүй.

-Ярилцсанд баярлалаа.

________________________________________

Иргэн, ААН та бүхэн iltod.mta.mn болон Сангийн Яамны iltod.e-balance.mof.gov.mn сайтад хандан хуулийн талаар мэдээллээ цаг алдалгүй аваарай.

Түүнчлэн 51-263069, 51-264966 утсаар холбогдож лавлагаа, мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой.

“Татварын өглөг, өр үүсгэхгүйгээр хөрөнгө, орлогоо ил болгох боломжийг ашиглаарай”