Үйлчилгээний стандарт
БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТ
Монголын татварын албаны үйлчилгээ, ажилтан, албан хаагчид тавих ерөнхий шаардлага
БАЙГУУЛЛАГЫН СТАНДАРТ
|
|
Монголын татварын албаны үйлчилгээ, ажилтан, албан хаагчид тавих ерөнхий шаардлага |
CS ****-**:2022 |
General requirements for services, staff and employees of the Mongolian tax administration |
Татварын ерөнхий газрын даргын 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн А/134 дүгээр тушаалаар батлав.
Энэ стандартыг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн мөрдөнө.
1. Хамрах хүрээ
1.1 Татварын албаны үйл ажиллагаа явуулах ажлын байр, харилцагчдад үзүүлэх үйлчилгээ, ажилтан, албан хаагчдын харилцаа, хувцаслалтад тавих шаардлагыг тогтооход хамаарна.
1.2 Энэхүү стандартыг Татварын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийн нэгж, харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн нийт ажилтан, албан хаагч заавал дагаж мөрдөнө.
- Норматив эшлэл
Энэ стандартад дараах эш татсан стандарт, баримт бичгийг хэрэглэнэ.
Он заасан эшлэлийн хувьд зөвхөн эш татсан хэвлэлийг хэрэглэнэ. Он заагаагүй эшлэлийн хувьд тухайн стандартын хамгийн сүүлийн хэвлэл (нэмэлтийн хамт)–ийг хэрэглэнэ.
2.1 MNS ISO 9001 “Чанарын менежментийн тогтолцоо. Үндсэн ойлголт ба тайлбар толь”
- MNS 1-2 “Монгол Улсын Стандартчиллын тогтолцоо”
3.1 Нэр томьёо, тодорхойлолт
Энэхүү стандартад дараах нэр томьёо, тодорхойлолтыг хэрэглэнэ.
3.1. стандарт
тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичиг
3.2. төрийн албан хаагч
төрийн албан тушаалыг эрхэлж, эрх, үүргээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээд
3.3. ажилтан
хөдөлмөр эрхлэлтийн харилцааны үндсэн дээр ажиллаж байгаа Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн
3.4. үйлчилгээ
төрийн алба ба үйлчлүүлэгч иргэн хоорондын харилцан үйлчлэлээр үйл ажиллагаа явагдах, төрийн албаны үйл явцын биет бус гаралт
3.5. үйлчлүүлэгч
зориулагдсан, шаардлагатай бүтээгдэхүүн үйлчилгээг хүлээн авах эсвэл авч чадах хүн, байгууллага
3.6. ажлын байр
ажилтны гүйцэтгэх ажил үүрэгтэй холбоотойгоор хүрэлцэн очих ёстой ажил олгогчийн шууд ба шууд бус хяналтын дор байх бүх байр
3.7. баримт бичиг
Аливаа материаллаг тээгчид буулгаж тэмдэглэсэн, зохих бүрдлүүд бүхий, албан ёсны баримтжуулсан мэдээлэл
3.8. хүнд суртал, чирэгдэлгүй байх
иргэн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх, төрийн захиргааны байгууллага өөрт байгаа мэдээллийг үйлчлүүлэгчээс шаардахгүйгээр мэдээллээр хангах, үйл ажиллагаа хуулийн дагуу бөгөөд шуурхай чанартай байх
3.9. ёс зүйгүй байдал
үйлчлүүлэгчтэй харилцах үед өөр хүмүүстэй харьцах, утсаар хувийн чанартай зүйл ярих, анхаарлаа өөр зүйлд хандуулах, маргалдах, албан бус хэллэг хэрэглэх, үйлчлүүлэгчийн дэргэд бохь зажилах, хоол идэх, чангаар инээх, шивнэлдэх, өндөр дуугаар, уцаарласан өнгөөр харьцах зэрэг үйлчлүүлэгчийг үл тоосон, хүндэтгэлгүй хандах байдал.
- Татварын албаны ажилтан, албан хаагчдын үйл ажиллагаанд баримтлах зарчим
4.1. Монголын татварын албаны ажилтан, албан хаагчид нь Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.дэх хэсэгт зааснаас гадна үйл ажиллагаа, үйлчилгээнд дараах зарчмыг баримтална:
4.1.1 Үйлчилгээ түргэн шуурхай, хүртээмжтэй, хялбар байх;
4.1.2. Хүнд суртал, чирэгдэлгүй байх;
4.1.3. Мэдээлэл, зөвлөгөө нь ойлгомжтой, үнэн зөв, бүрэн байх;
4.1.4. Эелдэг, хүндэтгэлтэй харилцах;
4.1.5. Хувь хүн, байгууллагын нууцыг хадгалах;
4.1.6. Төрийн албаны нэр хүндийг эрхэмлэх;
4.1.7. Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх;
4.1.8. Үл ялгаварлан гадуурхах.
- Ажилтан, албан хаагчид тавих ерөнхий шаардлага
5.1.Хувцаслалт, гадаад байдал дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:
5.1.1.албан хаагч ажил үүрэг гүйцэтгэхдээ өдөр тутамдаа ажил хэрэгч хувцаслана.
Албаны дүрэмт хувцсыг үйлчилгээний танхимаар үйлчилгээ үзүүлэх, хүндэтгэлийн арга хэмжээ, нэгдсэн хурал, зөвлөгөөн, уулзалтад оролцохдоо холбогдох журамд зааснаар өмсөх;
5.1.2. албан хаагч ажлын үнэмлэх, тэмдгийг ажлын байранд болон албан үүргээ гүйцэтгэх үедээ байнга авч явах;
5.1.3. ажлын байр, албан үүргээ гүйцэтгэх үед нэр, албан тушаалыг бичсэн энгэрийн зүүлтийг тогтмол зүүсэн байх;
5.1.5. ажлын байр, албан үүргээ гүйцэтгэх үед хурц, тод, өнгийн, хэт том үнэт эдлэл, гоёл чимэглэлийн зүйл зүүхгүй байх;
5.1.6.биеийн ил харагдах хэсэгт шивээсгүй байх; /энэ заалт эмэгтэй ажилтанд мөн адил хамаарна/
5.1.7.ажлын цагаар, албан томилолт, гадуур албан үүрэг гүйцэтгэх үедээ спорт загварын гутал, хувцас, этгээд хэлбэртэй, тоноглол бүхий тод өнгийн гутал, хөлийн хуруу ил гаргасан сандаал, гэрийн хөнгөн шаахай, углааш өмсөхгүй байх;
5.1.8.албан үүргээ гүйцэтгэхээс бусад тохиолдолд албаны дүрэмт хувцас, ажлын үнэмлэх, тэмдгийг ашиглахгүй байх;
5.1.9.ажилтан нь /техникийн болон үйлчилгээний/ байгууллагын лого, таних тэмдэг бүхий хувцсыг ажил үүрэг гүйцэтгэхдээ ажлын байранд байнга өмсөх.
5.2. Эмэгтэй ажилтан, албан хаагчийн хувцаслалт, гадаад байдалд тавих шаардлага
5.2.1.хэт өндөр буюу 7 см-ээс дээш өсгийтэй, хэт зузаан ултай /платформ/, хар, хар хөх, хар хүрэн, бор өнгөөс бусад өнгийн гутал өмсөхгүй байх;
5.2.2.ажлын байранд хэт богино буюу урт даашинз, юбка, цээж, ил харагдахуйц цамц, даашинз, богино дүүжин өмд, жинс, тааран өмд,шорт, бэлхүүс гарсан богино цамц, спорт загварын хувцас өмсөхгүй байх;
- Даашинз, юбка нь өвдөгнөөс дээш, доош 4 хуруу хэмжээсээс багагүй байх
- Мөр ил гаргахгүй, ханцуйны урт нь мөрнөөс доош 4 хуруунаас багагүй байх
5.2.3.үсний засалт, будалт, үсний хавчаар боолт нь этгээд хэв загварын бус, хурц тод өнгийн биш байх;
5.2.4. хумсны урт хурууны өндгөөс 3-4 мм-ээс илүүгүй байх, хумсыг энгийн даруу ууссан өнгөөр будах;
5.2.5.мөрнөөс доош урттай үсийг задгай тавихгүй байх.
5.3. Эрэгтэй ажилтан, албан хаагчийн хувцаслалт, гадаад байдалд тавих шаардлага
5.3.1.үсээ урт ургуулахгүй, этгээд хэв маягийн хууз сахал тавихгүй байх;
5.3.2.хумсаа урт ургуулахгүй байх;
5.3.3.биеийн ил харагдах, анхаарал татахуйц хэсгүүд /хөмсөг, уруул, хамар, чих/-д цагариг, ээмэг зүүхгүй байх;
5.3.4.ажил үүрэг гүйцэтгэх үедээ цээж ил гаргахгүй, анхаарал татахуйц зүүлт, эрхи, бугуйвч зүүхгүй байх.
- Албан хаагчаас үйлчилгээний танхимаар үйлчилгээ үзүүлэхэд тавих нийтлэг шаардлага
6.1.дарааллын дугаар олгох төхөөрөмжөөс олгогдсон дугаарын дагуу үйлчлэх;
6.2.хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, нярай хүүхэдтэй үйлчлүүлэгчид дараалал харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлэх;
6.3.үйлчлүүлэгчтэй харилцах үед энэхүү стандартын 3.8, 3.9-д заасан үйлдэл гаргахгүй байх;
6.4. үйлчлүүлэгчийн гаргасан хүсэлтэд хариу өгөхгүй байх, хугацаа хоцроох, үндэслэл, тайлбаргүйгээр бусдад шилжүүлэх зэрэг зохисгүй үйлдэл гаргахгүй байх;
6.5..бусдын хариуцаж шийдвэрлэхээр хуваарилагдсан ажилд хөндлөнгөөс оролцох, нөлөөлөхийг оролдохгүй байх;
6.6..ажил үүргийн дагуу олж мэдсэн үйлчлүүлэгчийн хувийн болон бизнесийн нууцтай холбоотой мэдээллийг хувийн зорилгод ашиглах, тарааж дэлгэрүүлэх, урвуулан ашиглахгүй байх;
6.7.үйлчлүүлэгчээс шан харамж, бэлэг сэлт, санхүүгийн туслалцаа шууд болон шууд бусаар хүлээж авахгүй байх;
6.8.үйлчлүүлэгчийг нас, хүйс, хувцаслалт, гадаад төрх байдлаар нь ялгаварлан гадуурхах, илт давуу байдал олгохгүй байх;
6.9.үйлчлүүлэгчээс тухайн ажилтай холбогдолгүй, хувийн чанартай асуулт асуухгүй байх;
6.10.ажлын байранд ажил үйлчилгээ үзүүлж буй үед ном, сонин унших, хөгжим сонсох, тоглоом тоглох, ажлын хэрэгцээ шаардлага тодруулахаас бусад тохиолдолд цахим орчинд харилцахгүй байх;
6.11.ажлын байрыг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр удаан хугацаагаар орхихгүй байх;
6.12.үйлчлүүлэгчийн зүгээс ирэх тааламжгүй харилцаа, хандлагад эелдэг, тайван, хүлээцтэй хандаж, сэтгэл хөдлөлийн өөрчлөлтийг илэрхийлэхгүй байх;
6.13.үйлчилгээ үзүүлж байх үед гар утсаар ярих зайлшгүй шаардлага гарвал үйлчлүүлэгчээс уучлал хүсэж богино хугацаанд ярина. Ажлын цагаар гар утасны хонхыг ”чимээгүй” горимд тохируулах;
6.14.албан хаагчаас үл хамаарах асуудлаас болж системд доголдол үүсэх, цахилгаан хангамжгүй болох үед үйлчлүүлэгчийг тодорхойгүй хугацаагаар хүлээлгэх шаардлага гарвал энэ тухай шалтгааныг мэдэгдэж уучлал хүсэх;
6.15.албан хаагч бие даан шийдвэрлэх боломжгүй асуудал байвал тухайн асуудлын төвөгшлөөс шалтгаалан зарцуулагдах хугацааг тооцон үйлчлүүлэгчид эргэн мэдээлэх.
- 7. Албан хаагчаас үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх дараалалд тавих шаардлага
7.1. Үйлчлүүлэгчтэй харилцах үед дараах дарааллын дагуу үйлчилгээг үзүүлнэ.
7.1.1. угтах - үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй хандаж, чин сэтгэлээсээ мэндлэх;
7.1.2.үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох - үйлчлүүлэгчийн хүсэлтийг анхааралтай сонсож, түүний хүсэж байгаа үйлчилгээ, санал, хүсэлтийг тодорхойлоход дэмжлэг туслалцаа үзүүлэх;
7.1.3.холбогдох мэдээлэл, зөвлөгөөгөөр хангах - тухайн үйлчилгээг авахад үйлчлүүлэгчээс шаардагдах баримт бичиг, бусад зүйлийг мэргэжлийн үг хэллэг хэрэглэж ойлгомжтой байдлаар тодорхой тайлбарлаж зөвлөх, шаардлагатай гарын авлага, материалаар хангах;
7.1.4.бүрдүүлсэн баримт бичгийг нягтлан шалгах - хэрэв үйлчлүүлэгч тодорхой мэдээлэлтэй байж, холбогдох баримт бичгийг авчирсан тохиолдолд түүний бүрэн, үнэн зөв эсэхийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд нягтлан шалгах;
7.1.5.баримт бичиг бүрэн эсэхийг үйлчлүүлэгчид мэдээлэх - баримт бичгийн үнэн зөв, бүрдэл бүрэн эсэхийг ойлгомжтой байдлаар тайлбарлах;
7.1.6.үйлчилгээ үзүүлэх, эс үзүүлэхийг шийдвэрлэх - үйлчилгээ үзүүлэх боломжгүй тохиолдолд үйлчлүүлэгчид шалтгааныг бүрэн, цэгцтэй, ойлгомжтой тайлбарлан, “Уучлалт” хүсэх;
7.1.7.үйлчилгээ үзүүлэх - холбогдох хууль, журмын хүрээнд үйлчилгээг үзүүлэх;
7.1.8.үйлчилгээг дуусгах - үйлчилгээ дууссан тухай үйлчлүүлэгчид эелдэгээр мэдэгдэж, талархлаа илэрхийлэх.
7.2. Үйлчлүүлэгчтэй утсаар харилцах үед дараах дарааллыг баримталж үйлчилгээ үзүүлнэ.
7.2.1.1800-1288 болон 7575-1288 дотоод харилцааны дугааруудаар дуудлага хүлээн авах- /.........................../ Татварын газар, хэлтсийн /Хэлтэс, нэгжийн нэр/ Татварын улсын байцаагч /.........................../
/байцаагчийн нэр/ “Таныг сонсож байна”, “Танд юугаар туслах вэ?” гэж тод сонсогдохоор хариулах;
7.2.2.үйлчилгээний нэр төрлийг тодорхойлох - харилцагчийн хүсэлтийг анхааралтай сонсох, түүний хүсэж байгаа үйлчилгээний нэр төрлийг тодорхойлоход дэмжлэг үзүүлэх, харилцагчийн асуултыг ойлгоогүй, сонсоогүй бол “Уучлалт” хүсэж давтан хэлэхийг хүсэх;
7.2.3.харилцагчийг холбогдох мэдээллээр хангах - харилцагчийн асуултад холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд ойлгомжтой энгийн үгээр бүрэн хариулах, тодорхой тайлбар өгөх;
7.2.4.нягтлах, тодруулах - асуултдаа бүрэн хариулт авч чадсан эсэхийг тодруулж, харилцагчид өөр асуулт байгаа эсэхийг лавлан асуух;
7.2.5.яриаг дуусгах - “Баярлалаа, баяртай, өдрийг сайхан өнгөрүүлээрэй, таны ажилд амжилт хүсье” гэх мэт талархлын үгээр яриагаа дуусган, харилцагчийг утсаа тасалсны дараа, харилцуурыг тавих.
- 8. Ажил, үйлчилгээ явуулах байранд тавих шаардлага
8.1.ажил эхлэхээс 10-15 минутын өмнө ажлын байранд ирж, бэлтгэлийг хангасан байх;
8.2.ажлын байрыг эмх цэгцтэй байлгах;
8.3.өөрийн эзэмшиж буй техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хянах, тогтмол цэвэрлэх;
8.4.тоног төхөөрөмжийн аюулгүй байдал алдагдсан, эвдрэл гэмтэл гарсан тохиолдолд мэргэжлийн ажилтанд мэдэгдэх;
8.5.ажлын байранд хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын шаардлагыг хангаж ажиллах;
8.6. ажлын байранд хүнсний бүтээгдэхүүний халуун боловсруулалтаар хоол хийхгүй байх;
8.7.ажлын ширээн дээр хувийн зураг, шашин, зан үйлийн бэлгэдлийн холбогдолтой элдэв сүвинер, лаа гэх мэт зүйлсийг тавихгүй байх;
8.8.ажил үүргээ гүйцэтгэж байх үедээ бусдын ажилд саад болохгүй байх; /чанга дуугаар хөгжим сонсох, нийгмийн харилцааны болон хувийн үзэл бодлоо илэрхийлэх, хувийн амьдрал ахуйн талаар ярих, арилжаа наймааны бараа бүтээгдэхүүн сурталчлах гэх мэт/
8.9.ажил дууссаны дараа өөрийн ажилтай холбоотой бүх баримт бичиг, холбогдох материалыг зориулалтын шүүгээ саванд хадгалж, хамгаалах асуудлыг албан хаагч өөрөө хариуцах;
8.10.ажлаа бүрэн дууссаны дараа компьютер, тоног төхөөрөмж, бусад цахилгаан хэрэгслийг цахилгаан хангамжаас салгаж, өрөөний гэрэлтүүлгүүдийг бүрэн унтраах.
9.Үйлчилгээний танхимд тавих шаардлага
Татварын нэг цэгийн үйлчилгээний танхим нь Татварын ерөнхий газрын даргын 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн А/214 дүгээр тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Татварын нэг цэгийн үйлчилгээний стандарт”-аас гадна дараах нөхцөл, шаардлагыг хангасан байна.
9.1.үйлчилгээний танхимын угтах үйлчилгээний ажилтан албан бичиг, өргөдөл, гомдол, санал хүсэлт өгөх болон бусад үйлчилгээ авах харилцагчийг угтан хүлээн авч, хүсэлтийг тодруулан холбогдох мэдээллийг өгч чиглүүлэн, үйлчилгээг үзүүлэх албан хаагчтай холбож өгөх;
9.2.үйлчлүүлэгч үйлчилгээ авахад шаардагдах бичиг баримтын жагсаалт, холбогдох гарын авлага зэрэг мэдээлэл авч болох цахим мэдээллийн самбар байршуулах;
9.4.үйлчлүүлэх дарааллын дугаар олгох төхөөрөмж суурилуулсан байх;
9.5.хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, жирэмсэн эмэгтэй, нярай хүүхэдтэй үйлчлүүлэгчид дараалал харгалзахгүйгээр үйлчилгээ үзүүлэх талаарх мэдээллийг ил харагдахуйц байрлуулах буюу цахим мэдээллийн самбараар харуулах;
9.6.үйлчлүүлэгчийг санал, хүсэлт, гомдол гаргах, талархалаа илэрхийлэх боломжоор хангах үүднээс үнэлгээний автомат төхөөрөмж байршуулах;
9.7.үйлчилгээний цонх бүрд үзэг, бал, ойрын харааны шил, саналын хуудас байршуулсан байх;
9.8.үйлчилгээний танхимд үйлчлүүлэгчдийн хүлээн суух сандал, гар ариутгалын бодис, хуурай хог хаягдлын жижиг оврын сав ил байршуулсан байх;
9.9.үйлчилгээний танхимын агааржуулалт, цэвэрлэгээ үйлчилгээг тогтмол хийсэн байх.
- Хяналт, хариуцлага
10.1.Стандартын хэрэгжилтэд өдөр тутмын хяналтыг харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтэс, тасгийн дарга, ерөнхий хяналтыг Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны удирдлагын газар хэрэгжүүлнэ.
10.2.Стандартыг зөрчсөн ажилтан, албан хаагчид Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журамд заасан хариуцлага хүлээлгэхээргүй бол эхний удаад нэгжийн даргаас бичгээр “ АНХААРУУЛГА” өгнө.
10.3.Стандартыг удаа дараа зөрчсөн, бичгээр “АНХААРУУЛГА” авсан ажилтан, албан хаагчид стандартыг дахин зөрчсөн бол тухай нэгжийн хурал, эсхүл Ёс зүйн зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Хөдөлмөрийн дотоод журмын дагуу хариуцлага хүлээлгэнэ.
10.4.Стандартын хэрэгжилтийн байдлыг жил бүр Татварын ерөнхий газрын Төрийн захиргааны асуудал хариуцсан нэгж зохион байгуулалтын бүтцийн нэгжээр, харьяа нэгж, аймаг, нийслэл, дүүргийн татварын газар, хэлтсийн захиргааны асуудал хариуцсан нэгж нь тасаг бүрээр гаргаж 11 дүгээр сард багтаан ТЕГ-ын болон газар, хэлтсийн Даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, сайжруулах арга хэмжээг дараа жилийн байгууллагын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусган хэрэгжилтийг хангуулж ажиллана.
Ном Зүй
- Төрийн албаны тухай хууль
- Хөдөлмөрийн тухай хууль
- Татварын ерөнхий хууль
- Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль
- Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хууль
- Монгол Улсын стандартчиллын тогтолцооны суурь стандарт MNS 1.1 : 2021