Буцаан олголт

2024-09-13 Уншсан: 245

Албан татварын буцаан олголт

Албан татвар төлөгч, суутган төлөгчийн ААНОАТ-ын тухай хуулийн 26.1, 26.2-т заасны дагуу хүргүүлсэн тайлангаар гарсан албан татварын илүү, дутуу төлөлтийн тооцооллыг харьяалах татварын алба дараах журмын дагуу нягталж, эцсийн тооцоо хийнэ:

Татварын жилд албан татвар төлөгчид буцаан олгох татварын хэмжээ нь ААНОАТ-ын тухай хуулийн 22.7-д зааснаар хязгаарлагдах;

ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан хөнгөлөлтийг албан татвар төлөгч ААНОАТ-ын тухай хуулийн 22.7-д заасан хязгаарт багтаан өөрөө сонгон эдлэх;

Албан татвар төлөгч ААНОАТ-ын тухай хуульд заасан хөнгөлөлтийг хэсэгчлэн эдлэхгүй байх;

ААНОАТ-ын тухай хуулийн 22 дугаар зүйлд заасан тухайн татварын жилийн хөнгөлөлтийг дараагийн татварын жилд шилжүүлэн эдлүүлэхгүй байх.

ААНОАТ-ын тухай хуулийн 28.1-д заасан журмыг баримтлан тооцоход албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар нь төлбөл зохих албан татварын хэмжээнээс бага тохиолдолд харьяалах татварын алба албан татвар төлөгчид мэдэгдэж, эцсийн тооцоог хийнэ.

ААНОАТ-ын тухай хуулийн 28.1-д заасан журмыг баримтлан тооцоход албан татвар төлөгчийн татварын жилд төлсөн албан татвар төлбөл зохих албан татварын хэмжээнээс давсан тохиолдолд илүү гарсан дүнг Татварын ерөнхий хуулийн 49.1-д заасны дагуу шийдвэрлэнэ.

ААНОАТ-ын тухай хуулийн 28.3-т заасан илүү гарсан дүн буюу албан татвар төлөгчийн буцаан авах илүү төлсөн татварыг дараах журмаар буцаан олгоно:

Буцаан олголтыг төрийн сангийн дансаар дамжуулан албан татвар төлөгчид буцаан олгох;

Буцаан олгох татварын хэмжээг харьяа татварын алба ААНОАТ-ын тухай хуулийн 26.1, 26.2-т заасан тайлан хүргүүлэх хугацаанаас хойш ажлын 20 өдөрт багтаан хянан тодорхойлж, төрийн сангийн нэгжид хүргүүлэх;

ААНОАТ-ын тухай хуулийн 28.4.2-т заасан буцаан олголтыг дараагийн татварын жилийн 2 дугаар улиралд багтаан олгох.

ААНОАТ-ын тухай хуулийн 28.4-т заасан албан татвар төлөгчийн илүү төлсөн албан татварыг буцаан олгох, хяналт тавих, нягтлан бодох бүртгэлд тусгахтай холбогдсон харилцааг зохицуулсан журмыг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Буцаан олгох албан татвар нь улсын төсвийн бүрэлдэхүүн хэсэг байх бөгөөд тухайн жилд улсын төсөвт төвлөрүүлэх тухайн төрлийн татварын 30 хувиас хэтрэхгүй байна.