Татварын асуудлаар захиргааны харилцан туслалцаа үзүүлэх тухай олон талт конвенц

2024-09-13 Уншсан: 239

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
ТАТВАРЫН АСУУДЛААР ЗАХИРГААНЫ ТУСЛАЛЦАА ХАРИЛЦАН ҮЗҮҮЛЭХ ТУХАЙ КОНВЕНЦ
СОЁРХОН БАТЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл. Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцыг Засгийн газрын өргөн мэдүүлснээр соёрхон баталсугай.

2 дугаар зүйл. Татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцод нэгдэн орсонтой холбогдуулан дараах тайлбарыг Европын зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн даргад, эсхүл Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын Ерөнхий нарийн бичгийн даргад мэдэгдсүгэй:

Монгол Улс татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “а”-д заасныг үндэслэн уг конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “б”-д заасан албан татвартай холбоотой ямар нэгэн хэлбэрээр тусламж үзүүлэхгүй байх эрхтэй.

  • Аль нэг Талын засаг захиргааны онцгой бүс, орон нутгийн засаг захиргааны нэгжээс орлого, ашиг, хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого болон хөрөнгөнд ногдуулах татвар;
  • Төв засгийн газрын байгууллага, эсхүл нийтийн эрх зүйн хүрээнд төрөөс байгуулагдсан нийгмийн даатгалын байгууллагад төлөх албан журмын нийгмийн даатгалын шимтгэл;
  • Аль нэг Талын ногдуулах гаалийн татвараас бусад доор дурдсан татварууд:
    - Эдлэн газар, өв залгамжлал, бэлэглэлийн татвар;
    - Үл хөдлөх эд хөрөнгийн татвар;
    - Нэмэгдсэн өртгийн албан татвар, худалдааны татвар зэрэг хэрэглээний татварууд;
    - Онцгой албан татвар зэрэг тусгай бараа, ажил үйлчилгээнд ногдуулах татварууд;
    - Автотээвэр болон өөрөө явагч хэрэгсэл ашигласан, эзэмшсэний татвар;
    - Автотээвэр болон өөрөө явагч хэрэгслээс бусад хөдлөх эд хөрөнгийг ашигласан, эзэмшсэний татвар;
    - Бусад татвар.

Монгол Улс татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцын 2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн ангилалд заасан бүх татвар, эсхүл нэг буюу түүнээс дээш татварын төрлөөр нэхэмжилсэн татварын өр барагдуулах, эсхүл торгууль төлүүлэх асуудлаар захиргааны туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй.

Монгол Улс татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “в”-д заасныг үндэслэн өөр Талын хувьд конвенц хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдөр, эсхүл дээр дурдсан “а”, “б”-д заасан татварын ангилалд хамаарах тайлбараа буцаан татсан өдөр хүчин төгөлдөр байгаагүй татварын өрийг барагдуулах туслалцаа үзүүлэхгүй байх эрхтэй.

Монгол Улс татварын асуудлаар захиргааны туслалцаа харилцан үзүүлэх тухай конвенцын 30 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “г”-д заасныг үндэслэн бүх татварын төрөлд баримт бичиг хүргүүлэх үйлчилгээ үзүүлэхгүй байх эрхтэй.