Нийслэл хотын албан татвар
Нийслэл хотын нутаг дэвсгэрт үзүүлсэн үйлчилгээ, жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг худалдан авсан этгээдэд нийслэл хотын албан татвар ногдуулахад энэ хууль үйлчилнэ.
Нийслэл хотын албан татвар төлөгч
Нийслэл хотын албан татвар суутгагч /албан татвар суутгагч/-аас НХАТ-ын тухай хуульд заасан бараа, үйлчилгээг худалдан авч байгаа этгээд нийслэл хотын албан татвар төлөгч байна.
Албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах
НХАТ-ын тухай хуулийн 4.1.1-д заасан этгээдийг улсын бүртгэл, нийслэлийн нутгийн захиргааны болон бусад холбогдох бүртгэл, мэдээллийн байгууллагын мэдээлэлд үндэслэн харьяалах татварын алба албан татвар суутгагчаар бүртгэнэ.
Татварын алба албан татвар суутгагчийг бүртгэх, бүртгэлээс хасах, мэдээлэл хүлээн авах журмыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын саналыг үндэслэн нийслэлийн Засаг дарга, татварын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын дарга хамтран батална.
Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээ
Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд үндэслэн тооцно.
Дараах тохиолдолд нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг харьяалах татварын алба тухайн үеийн зах зээлийн бодит үнэд үндэслэн тодорхойлно:
1.борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнэ тодорхойгүй;
2.бараа, үйлчилгээг харилцан солилцсон буюу арилжсан;
3.харилцан хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зах зээлийн бодит үнээс хямд буюу өндөр үнээр бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн, эсхүл үнэ төлбөргүй шилжүүлсэн;
4.өр төлбөрийг бараа шилжүүлэх, үйлчилгээ үзүүлэх замаар хаасан.
Нийслэл хотын албан татвар тооцох үнэлгээг гадаад валютаар хийсэн бол гүйлгээ хийгдсэн өдрийн Монголбанкны ханшийг үндэслэн төгрөгт шилжүүлнэ.
Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээ
Татвар төлөгчийн худалдан авсан энэ хуулийн 7.1, 7.2-т заасан бараа, үйлчилгээнд энэ хуулийн 8.1-д заасан үнийн дүнг үндэслэн энэ хуулийн 9.2-т заасан хувь, хэмжээгээр тооцож нийслэл хотын албан татвар ногдуулна.
Нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг байршил, хүн амын төвлөрлийг харгалзан, 0-2.0 хувийн хязгаарт багтаан нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал батална.
Нийслэл хотын албан татвар ногдуулах, түүнийг төсөвт төлөх, тайлагнах
Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн тухай бүрд суутган авч, төлбөрийн баримт дээр нийслэл хотын албан татварын хувь, хэмжээг тусгана.
Албан татвар суутгагч тухайн сард борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээнд ногдох албан татварыг дараа сарын 10-ны өдрийн дотор төсөвт төлж, тайланг батлагдсан маягтын дагуу дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор харьяалах татварын албанд тушаана.
Албан татвар суутгагч нь нийслэл хотын албан татварыг ногдуулахдаа борлуулсан бараа, үзүүлсэн үйлчилгээний үнийн дүнд бусад албан татвар, төлбөр, хураамжийг оруулан тооцохгүй.
Нийслэл хотын албан татвар ногдуулах, төлөх, тайлагнах аргачлал, тайлангийн маягтыг татварын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын дарга батална.
Нэр томьёо
Нэр томьеоны тайлбар
НХАТ-ын тухай хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
1.“нийслэл хотын албан татвар суутгагч” гэж энэ хуулийн 4.1.3, 4.1.8, 4.1.9-д заасан бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсэн этгээдийг;
2.“нийслэл” гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван гуравдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг;
3.“бараа” гэж жижиглэнгийн худалдаагаар борлуулсан бүх төрлийн согтууруулах ундаа, тамхийг;
4.“зочид буудал” гэж үйлчлүүлэгчийг хүлээн авч байр, хоолны болон бусад үйлчилгээ үзүүлдэг, нэмэлт тоноглол, тусгай төрөлжсөн албад бүхий цогцолборыг;
5.“амралтын газар” гэж тав тухтай амрах, зугаалах нөхцөлийг бүрдүүлсэн байр, хоолны үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
6.“ресторан” гэж үйлдвэрлэлийн нарийн ажиллагаа шаарддаг олон нэр төрлийн хоол ундаа, түүний дотор нэршсэн болон захиалгат хоолыг технологийн өндөр түвшинд үйлдвэрлэж, хэрэглэгчийн тав тухтай хооллох нөхцөлийг хангасан дээд зэргийн үйлчилгээг зохион байгуулдаг хоолны газрыг;
7.“баар” гэж хөгжим, гэрэлтүүлэг болон тусгай зориулалтын бусад төхөөрөмжөөр тоноглогдсон, үйлчлүүлэгчийн амралт, чөлөөт цагийг тав тухтай өнгөрүүлэхэд зориулагдсан, төрөл бүрийн ундаа, хөнгөн зууш, амттанаар үйлчилдэг үйлчилгээний газрыг.
8.”автомашин угаалгын газар” гэж автомашины бохирдлыг цэвэрлэх иж бүрэн үйлчилгээ үзүүлэх байгууламжийг;
9.“авто үйлчилгээ үзүүлэгч” гэж нийтийн тээврээс бусад автотээврийн хэрэгслийн ашиглалттай холбогдсон үйлчилгээг үзүүлэх иргэн, аж ахуйн нэгжийг.
Нийслэл хотын албан татвар ногдох бараа, үйлчилгээ
Татвар төлөгчийн худалдан авсан дараах бараанд нийслэл хотын албан татвар ногдуулна:
НХАТ-ын тухай хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн согтууруулах ундаа;
НХАТ-ын тухай хуулийн 4.1.3-т заасан бүх төрлийн тамхи.
Татвар төлөгчийн худалдан авсан дараах үйлчилгээнд нийслэл хотын албан татвар ногдуулна:
1.НХАТ-ын тухай хуулийн 4.1.4-т заасан зочид буудлын үйлчилгээ;
2.НХАТ-ын тухай хуулийн 4.1.5-д заасан амралтын газрын үйлчилгээ;
3.НХАТ-ын тухай хуулийн 4.1.6-д заасан рестораны үйлчилгээ;
4.НХАТ-ын тухай хуулийн 4.1.7-д заасан баарны үйлчилгээ.
5.НХАТ-ын тухай хуулийн 4.1.8-д заасан үйлчилгээ;
- НХАТ-ын тухай хуулийн 4.1.9-д заасан үйлчилгээ.