Үйл ажиллагааны орлого

2024-09-13 Уншсан: 206

Иргэн та цахимаар бараа бүтээгдэхүүн борлуулах үйл ажиллагаа явуулдаг бол татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлэн ХХОАТ-ын хуулийн дагуу татварын тооцоо хийх үүрэгтэй. Та доорх алхмын дагуу татварын албанд бүртгүүлж, тухайн үйлчилгээг эрхлэхтэй холбоотой орлого, зарлагаа баримтжуулан татварын тайлангаа бэлтгэж, татварын тооцоо хийгээрэй.

Хамгийн түрүүнд та доорх бичлэгийн дагуу цахим татварын системд бүртгүүлээрэй.

Хэрэв та татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол etax.mta.mn-ийн татвар төлөгчөөр бүртгүүлэх хэсэгт бүртгүүлнэ. 

Татвар төлөгчөөр бүртгэлтэй бол энд дарж шалгана уу.

Таны татварын тайлан тооцоог Татварын албанаас цахим татварын системд автоматаар бэлтгэж өгдөг тул та иргэнд үйлчилгээ үзүүлэхдээ заавал цахим төлбөрийн баримт олгох шаардлагатай. Мөн тухайн үйлчилгээ явуулахад холбогдон гарсан зардлаа хасуулахын тулд тухайн үйл ажиллагаатай холбогдох зардлын цахим төлбөрийн баримтыг заавал аваарай.

Анхаар! Цахим төлбөрийн баримтгүй бол хасагдах зардалд орохгүй.

Ямар төрлийн орлогууд хамаарах вэ

Үйл ажиллагааны орлогод хуулийн этгээд байгуулахгүйгээр үйл ажиллагаа явуулж олсон дараах орлогыг хамруулна.

  • Бие даан эрхэлсэн мэргэжлийн ажил, үйлчилгээний орлого
  • Хувиараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлэх, зуучлалын үйл ажиллагаа эрхэлж олсон орлого
  • Шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээл туурвих, шинэ бүтээл, бүтээгдэхүүний болон ашигтай загвар зохион бүтээх, спортын тэмцээн, урлагийн тоглолт зохион байгуулах, тэдгээрт оролцох замаар олсон орлого, тэдгээртэй адилтгах бусад орлого
  • Эрхэлж байгаа үйл ажиллагаатай холбоотойгоор үнэ төлбөргүй бусдаас авсан бараа, ажил, үйлчилгээ

Тогтмол бус үйл ажиллагаа эрхэлж олсон орлогыг үйл ажиллагааны орлогод хамруулна.

Орлогыг хэрхэн тодорхойлох вэ

Үйл ажиллагааны орлогод албан татварын ногдуулах орлогыг тодорхойлохдоо доорх шаардлагыг хангасан зардлыг хасаж тооцно

Дараах нөхцөлийг нэгэн зэрэг хангасан зардлыг албан татвар ногдох орлогоос хасаж тооцно

  • тухайн татварын тайлант хугацаанд хамаарсан байх;
  • албан татвар төлөгчийн албан татвар ногдох орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан байх
  • зардал бодитой гарсан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13дугаар зүйлд заасан баримт болон холбогдох бүртгэлээр баталгаажсан байх

Доор дурдсан бараа, ажил, үйлчилгээний зардал Татварын ерөнхий хуулийн 28.5-д заасан дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримт, импортын бараанд татвар ногдуулж, гаалийн байгууллагад төлсөн тухай баримтаар баталгаажсан байх:

  • ААНОАТТХуулийн 5.5.2-т зааснаас бусад албан татвар төлөгчийн үзүүлсэн ажил, үйлчилгээний зардал;
  • хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, биет бус хөрөнгө худалдан авахтай холбогдон гарах зардал.
  • зардлыг тухайн үйл ажиллагаа эрхэлж байгаа албан татвар төлөгч төлсөн, эсхүл төлөхөөр тайлагнасан байх.

Дээрх нөхцөлийг хангасан зардлыг доор дурдсан хязгаар, нөхцөлтэйгөөр албан татвар ногдох орлогоос хасна   

  • албан татвар, төлбөр, хураамж нь төсөвт төлөхөөр тайлагнасан байх;
  • албан томилолтын зардал нь төрийн албан хаагчдын албан томилолтын зардлыг хоёр дахин нэмэгдүүлснээс хэтрэхгүй байх
  • банк, банк бус санхүүгийн байгууллагын зээл төлөгдөхөд учирч болзошгүй алдагдлаас хамгаалах санд төвлөрүүлсэн хөрөнгөд хэвийн зээлийн үлдэгдэлд байгуулсан сангийн хөрөнгө хамаарахгүй байх;
  • Гамшгаас хамгаалах тухай хуульд заасны дагуу гамшгийн улмаас учирсан хохирлыг арилгахад гарсан зардал нь холбогдох байгууллагын дүгнэлтээр баталгаажсан байх;
  • ёслол хүндэтгэлийн арга хэмжээний зардал нь тухайн татварын жилд Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөдөлмөрийн гэрээ болон онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа ажиллагчдад олгосон цалингийн зардлын нийт дүнгийн 5 хувиас хэтрэхгүй байх;
  • Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчаас бусад этгээдийн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;
  • Даатгалын тухай хуулийн 4.1.2-т заасан даатгагчийн харилцан хамааралтай этгээдүүдтэй хийсэн сайн дурын даатгалын хураамжийн дүн нь тухайн татварын жилийн албан татвар ногдуулах орлогын 15 хувиас хэтрэхгүй байх;
  • урсгал засварын зардал нь сэлбэг хэрэгслийн зардлыг багтаасан байх бөгөөд тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 2 хувь, бусад хөрөнгийн хувьд үлдэгдэл өртгийн 5 хувиас хэтрэхгүй бөгөөд үүнээс хэтэрсэн урсгал засварын зардлыг их засварын зардалд тооцох;
  • цалин, хөдөлмөрийн хөлс, нэмэгдэл, түүнтэй адилтгах орлогод нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлд заасан шууд бус орлогод хувь хүний орлогын албан татвар ногдуулж, суутгасан байх;
  • хүүгийн зардлын хувьд ААНОАТТ хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу тодорхойлсон байх;
  • албан татвар суутгах орлого олгосон тохиолдолд холбогдох албан татварыг суутган тайлагнасан байх.

   Дээрх хасагдах зардлыг албан татвар төлөгч хувийн хэрэглээндээ зарцуулсан бол албан татвар ногдох орлогоос хасахгүй.

     Албан татвар төлөгч үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, гүйцэтгэсэн ажил, үйлчилгээнээс өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд зориулсан байвал түүнд ногдох үйл ажиллагааны зардлыг албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тооцохгүй.

   Албан татвар төлөгч үйл ажиллагаа эрхлэхэд ашиглаж байгаа машин, механизм, тоног төхөөрөмж, барилгыг гэр бүлийнхээ хэрэгцээнд нэгэн зэрэг ашиглаж байгаа бол ашиглалтын зардлыг хувь тэнцүүлэн тооцож албан татвар ногдох орлогоос хасагдах зардалд тусгана.

   Албан татвар төлөгчийн гэр бүлийн гишүүнд олгосон хөдөлмөрийн хөлсийг нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хэмжээтэй хувь тэнцүүлэн бодож хасагдах зардалд тооцно.

   Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй нөхцөлд тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан бол түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлж болно. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн, хуулийн дагуу хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх эрхтэй албан татвар төлөгч  хүсэлт гаргахгүй.

Хувь, хэмжээ

- Үйл ажиллагааны орлогын дүнд 10 хувиар албан татвар ногдуулна. 

- Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй,  тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан, түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон бол орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулна. 

- Монгол Улсад байрладаг албан татвар төлөгчийн гадаад, дотоодын үнэт цаасны анхдагч болон хоёрдогч зах зээлд нээлттэй арилжаалагдах өрийн хэрэгсэл, хувьцаа, нэгж эрх эзэмшигч албан татвар төлөгчийн тухайн хувьцаа, нэгж эрх, өрийн бичигтэй холбоотойгоор олсон хүүгийн орлого, ногдол ашгийн орлогод 5 хувиар албан татвар ногдуулна.

Хөнгөлөлт, чөлөөлөлт

Орон сууцны хөнгөлөлт

Монгол Улсын иргэн өөрийн албан татвар ногдсон орлого болон банк, санхүүгийн байгууллагаас авсан зээлийн хөрөнгөөр амьдран суух зориулалтаар зөвхөн хувьдаа, анх удаа орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авсан бол ийнхүү орон сууцны барилга барьсан, эсхүл орон сууц худалдан авахад зарцуулсан хөрөнгөтэй тэнцэх хэмжээний орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг уг албан татвар төлөгчид эдлүүлэх бөгөөд энэ хөнгөлөлтийн хэмжээ 6 сая төгрөг хүртэл байна.

    Орон сууцны хөнгөлөлт эдлэх эхний жилд ХХОАТ-ын тайланг хэрхэн бэлтгэх тухай хичээл

    Орон сууцны хөнгөлөлт эдлэх дараагийн жилд ХХОАТ-ын тайланг хэрхэн бэлтгэх тухай хичээл

Сургалтын төлбөрийн хөнгөлөлт

Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн төрсөн, дагавар, үрчилж авсан хүүхэд болон асран хамгаалагчаар тогтоогдсон асрамж, дэмжлэгт байгаа хүүхэд гадаад, дотоодын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн болон техникийн боловсролын сургуульд оюутан, эсхүл суралцагчаар элсэн суралцаж байгаа тохиолдолд түүний анхны бакалаврын болон дипломын мэргэжил эзэмших сургалтын хугацаанд тухайн татварын жилд төлсөн, баримтаар нотлогдож байгаа сургалтын төлбөртэй тэнцэх орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Монгол Улсын иргэн суралцаж байх хугацаандаа хөдөлмөр эрхлэлтийн орлогоосоо албан татвар төлж, улмаар сургалтын төлбөр төлсөн их, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургууль, коллежид анхлан суралцагчийг дээрх хөнгөлөлтөд хамруулна.

     Сургалтын төлбөрийн хөнгөлөлт эдлэхэд ХХОАТ-ын тайлан хэрхэн бэлтгэх тухай хичээл

Цалин, хөдөлмөрийн хөлсний хөнгөлөлт

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал болон тэдгээртэй адилтгах хөдөлмөр эрхлэлтийн орлогод ногдуулах жилийн албан татварт дараах хэмжээгээр албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ. 

Албан татвар ногдуулах жилийн

орлогын хэмжээ /төгрөгөөр/

Албан татварын хөнгөлөлтийн хэмжээ /төгрөгөөр/

0-6 000 000 хүртэл

240 000

6 000 000-12 000 000 хүртэл

216 000

12 000 000-18 000 000 хүртэл

192 000

18 000 000-24 000 000 хүртэл

168 000

24 000 000-30 000 000 хүртэл

144 000

30 000 000-36 000 000 хүртэл

120 000

36 000 000 ба түүнээс дээш

-

Бусад хөнгөлөлт

Доор дурдсан бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн болон тариалсан Монгол Улсад байнга оршин суугч албан татвар төлөгчийн зөвхөн тухайн үйлдвэрлэлээс олсон орлогод ногдуулах албан татварыг 50 хувиар хөнгөлнө:

1.Үр тариа;

2.Төмс, хүнсний ногоо, түүний үр;

3.Жимс, жимсгэнэ, түүний үр, суулгац;

4.Тэжээлийн ургамал;

5.Модны суулгац;

Монгол Улсын иргэн амьдран суух зориулалтаар ипотекийн зээлийн хөрөнгөөр хувьдаа, анх удаа орон сууц худалдан авсан бол албан татвар төлөгчид Монгол Улсын Засгийн газрын тодорхойлсон ипотекийн зээлийн хүүгийн дээд хэмжээ болон ипотекийн хөнгөлөлттэй зээлийн хүү хоорондын зөрүүд төлсөн дүнтэй тэнцэх хэмжээний албан татварын хөнгөлөлт эдлүүлнэ.

Албан татвар төлөгч өөрийн хэрэгцээнд зориулан нар, салхи, газрын гүний дулааны болон бусад сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмж, нүүрснээс хагас коксон түлш, хийн болон шингэн түлш гарган авах тоног төхөөрөмж, стандартад нийцсэн зуух, нам даралтын зуух, дулаалгын материал, цахилгаан болон хийн халаагуур худалдан авсан бол баримтаар нотлогдож байгаа төлбөртэй тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг эдлүүлнэ.

Соёлын өвийг хамгаалах, сэргээн засварлахад зориулж өгсөн баримтаар нотлогдож байгаа хандивтай тэнцэх тухайн жилийн орлогод ногдох албан татварын хөнгөлөлтийг албан татвар төлөгчид эдлүүлнэ.

Албан татвар төлөгчийн дараах орлогод ногдох албан татварт хөнгөлөлт эдлүүлнэ:

1. Донорын олговор;

2. Даатгалын нөхөн төлбөр;

3. Монгол Улсын төрийн шагнал, Засгийн газрын шагнал, Монгол Улсын ардын болон гавьяат цолтны шагнал, шинжлэх ухааны нээлтийн шагнал.

Аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд оршин суудаг, тухайн орон нутагт бүртгэлтэй Монгол Улсын иргэн албан татвар төлөгчийн үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг аймаг, сумын төв нь нийслэл Улаанбаатар хотоос 500 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 50 хувиар, 1000 км-ээс хол алслагдсан аймаг, суманд 90 хувиар хөнгөлнө.

Албан татвараас чөлөөлөх орлого

- Хууль тогтоомжид тусгайлан заасны дагуу олгож байгаа тэтгэвэр, тэтгэмж, төлбөр, үзүүлж байгаа хөнгөлөлт, нөхөн олговор болон нэг удаагийн буцалтгүй тусламж;

- Хөгжлийн бэрхшээлтэй хувь хүний орлого;

- Гамшгийн үед олон улсын байгууллага, гадаад улсын Засгийн газар, хуулийн этгээд, иргэнээс Монгол Улсын Засгийн газар болон орон нутгийн байгууллага, хуулийн этгээд, иргэнд үзүүлж байгаа тусламж;

- Засгийн газар, Монгол Улсын Хөгжлийн банкны өрийн бичиг /бонд/-ийн төлбөр, хүү, анз;

- Гэр бүлийн тухай хуулийн 3.1.4-т заасан этгээд хоорондоо газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээгээ үнэ төлбөргүйгээр шилжүүлэх замаар олсон орлого;

- Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын орлого;

- Монгол Улсад суугаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, Нэгдсэн Үндэстний Байгууллага, түүний төрөлжсөн салбарт томилогдон ажиллаж байгаа гадаадын иргэн, түүний гэр бүлийн гишүүний цалин, нэмэгдэл, гадаад улсад олсон орлого;

Албан татварыг өөрөө тодорхойлж, төсөвт төлөх

Үйл ажиллагааны орлогод 10 хувиар тооцон тухай бүр албан татвар ногдуулах орлогоо өөрөө үнэн зөв тодорхойлж, дараа сарын 15-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө. 

Тайлангаар баталгаажсан өмнөх жилийн албан татвар ногдох орлогын хэмжээ 50.0 сая төгрөгөөс хэтрээгүй,  тухайн хувь хүн өөрөө хүсэлт гаргаж, уг хүсэлтийг харьяа татварын алба бүртгэж авсан, түүний үйл ажиллагааны орлогын нийт дүнгээр албан татвар ногдуулах орлогыг тодорхойлсон бол орлогын дүнд 1 хувиар албан татвар ногдуулж дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор холбогдох төсөвт төлнө. 

Тайлан хүргүүлэх хугацаа

Албан татвар төлөгч ХХОАТТХуульд заасны дагуу тодорхойлсон орлогод ногдуулсан албан татварын тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор өссөн дүнгээр гаргаж, харьяа татварын албанд хүргүүлнэ.

Цахим сургалт.2.1. ХХОАТ-ын тайлагнал. Үйл ажиллагааны орлого

Тайлан илгээх бол энд дарна уу