Шууд бус орлого

2024-09-13 Уншсан: 255

Ямар төрлийн орлогууд хамаарах вэ

Шууд бус орлогод хамаарах бараа, ажил, үйлчилгээ

Цалин, хөдөлмөрийн хөлс, шагнал, урамшуулал дээр ажил олгогчоос нэмж олгож байгаа тухайн ажилтны албан үүргээ гүйцэтгэхэд шууд холбогдолгүй дараах бараа, ажил, үйлчилгээний орлогыг шууд бус орлогод хамруулна. Үүнд:

- Үнэ төлбөргүй, эсхүл хөнгөлөлттэй үнээр тээврийн хэрэгслээр үйлчилсэн;

- Орон сууцны ашиглалтын болон түрээсийн зардлын төлбөр, байрын хөлс, түлшний зардлын төлбөр;

- Үзвэр үйлчилгээний олговор;

- Ахуйн үйлчлэгч, жолооч, цэцэрлэгч болон бусад үйлчилгээ үзүүлсний зардлын төлбөр;

- Ажил олгогч, эсхүл бусад этгээдэд төлөх өр барагдуулсны төлбөр;

- Арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

- Ажил олгогчийн төлсөн ХХОАТТХуулийн 11.2.7-д зааснаас бусад сайн дурын даатгалын хураамж;

- Гэр бүлийн гишүүний сургалтын төлбөр;

- Монгол Улсад нүүж ирэх болон буцахтай холбогдон гарах зардлын төлбөр;

- Эрс тэс уур амьсгалд ажиллаж амьдарсны нэмэгдэл;

- Дээрх заасантай адилтгах бусад орлого

Шууд бус орлогод хамаарахгүй бараа, ажил, үйлчилгээ

Ажил үүргээ биелүүлэх нөхцөлийг нь сайжруулах зорилгоор ажил олгогчоос ажилтанд олгож байгаа дараах шууд бус орлогыг албан татвар ногдох орлогод хамруулахгүй. Үүнд:

- Цайны газар, кафе, амралтын өрөөнд бүх ажилтныг адил нөхцөлөөр хоолоор хангасан;

- Амрах байр, бусад үйлчилгээгээр хангах, тухайн ажлын байранд ирэх, буцахад нэгдсэн журмаар унаагаар үйлчилсэн;

- Орон сууц худалдан авах, барихад зориулж ажилтанд арилжааны зээлийн хүүгээс доогуур хүүтэй олгосон зээлийн хүүгийн зөрүү;

- Эрүүл мэндийн байгууллагад төлсөн эмчилгээний зардалд зориулж олгосон тусламж, дэмжлэг;

- Ажил олгогчоос олгож байгаа албан томилолтын зардал;

- Хууль тогтоомжийн дагуу ажил олгогчоос олгож байгаа хөдөлмөр хамгааллын болон дүрэмт хувцас, хор саармагжуулах ундааны үнэ, тэдгээртэй адилтгах бусад хангамжийн зардал;

- Хөдөлмөр эрхлэлттэй холбоотойгоор ажил олгогчийн төлсөн сайн дурын амь нас, эрүүл мэнд, гэнэтийн ослын болон мэргэжлийн хариуцлагын даатгалын хураамж.

Шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлох

Шууд бус орлогод албан татвар ногдуулах орлогыг тодорхойлохдоо эдгээр орлогын нийт дүнгээр тооцно.

Албан татварын хувь хэмжээ

ХХОАТТХуульд заасны дагуу тухайн жилийн орлогыг тодорхойлоход 0-120 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 10 хувиар, 120 000 001-180 000 000 хүртэлх төгрөгийн албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 12 000 000 төгрөг дээр 120 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 15 хувиар, 180 000 000 төгрөгөөс дээш албан татвар ногдуулах орлого олсон тохиолдолд 21 000 000 төгрөг дээр 180 000 000 төгрөгөөс дээш давсан орлогод 20 хувиар нэмж тооцон албан татвар ногдуулна.